Эхлэл - Орон нутаг - Сум, баг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 5 сарын 11

Дорноговийн иргэдийн эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна

Дорноговь өдгөө 65 мянга гаруй хүн амтай. Гэтэл аймгийн нэгдсэн эмнэлэгт 220 эмч мэргэжилтэн байхаас өнөөдөр 180 хүн ажиллаж байна. Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын орон тоог нэн даруй нэмэх шаардлагатай байна хэмээн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын төлөөлөл болон Орон нутгийн Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэд орон тооны нэмэгдэл хийхийг сүүлийн 10 жил ярьж, хэд хэдэн удаа  аймгийнхаа Засаг дарга П.Ганхуягт хандсан боловч энэ асуудлыг хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн сайд болоод Дорноговь аймгаас УИХ-д төлөөлөн суугаа Я.Батсуурь, Ж.Батсуурь нарт хандаж байгаа нь энэ юм.

Тус эмнэлэгт ажиллаж байгаа 180 хүн эмнэлгийнхээ ажилчдын тооны доод стандартад ч хүрэхгүй байгаа аж. Үүнээс үүдэн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж 20 гаруй хувиар дутуу хүрч байгааг учирлалаа. Хэрэв эмнэлгийн ажилчдын орон тоог нэмж өгөхгүй бол цаашид ажил хаялт зарлахад бэлэн байна гэв.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн орон тоог 1999 онд аймгийн Засаг даргын 210 тоот захирамжаар 50 гаруй мянган хүн амд үйлчилдэг Нэгдсэн эмнэлгийн 213 орон тоог 148 болтол, 173 орон тоог 140 болтол цомхтгожээ. Энэ орон тоо 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл 16 ажилтнаар л нэмэгджээ. Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 59 орон тоо нэн тэргүүнд шаардлагатай байна. Ингэж байж эмнэлгийн ажилтны норм, хэвийн хэмжээнд хүрэх гэнэ.

Тус эмнэлгийн нэг  амбулаторийн эмч 16-24 хүнийг үзэх байтал 25-60 хүнийг үзэж байна. Ажлын ачааллаас үүдэн зарим ажилчид түр болон бүрмөсөн хөдөлмөрийн чадвараа алдаж эхлээд байгаа аж. Мөн хамгийн ноцтой зөрчил бол эмнэлгийн Дотрын тасаг, Хүүхэд, Мэдрэлийн тасгийн дунд нэг сувилагч л ажиллаж тариа хийж байна. Ингэж ажиллахад өвчтөнүүдэд үзүүлэх цагийн эмчилгээ тариа алдагддаг.  Хоёр амбулаторийн тасагт нэг сувилагч ажилладаг. Тэр бүү хэл тус эмнэлэгт Мэдрэлийн тасаг, Гэмтлийн тасаг, Сэхээний тасаг, Арьс өнгөний тасаг, Сэтгэцийн тасаг  огт байхгүй гэнэ.  Нэг үйлчлэгч 500 ам метр талбай цэвэрлэдэг бол эндхийн үйлчлэгч нар 750-1000 ам метр цэвэрлэдэг. Ингэж ажиллалаа гээд нэмэгдэл цалин авдаггүй. Тангараг өргөсөн учир ажлаа гүйцэд хийхийг дээрээс шаарддаг тухай эмч, сувилагчид хэлэв.

Монголын ЭМ-ийн ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг хэрэглээний халуун ус байхгүй. Төрөх өрөөнд хүн төрлөө гэхэд эмч нар цэв хүйтэн усаар гараа угаадаг. Эндээс харахад иргэдэд чанартай үйлчлэх, халдвар хамгааллын дэглэм огт мөрдөгддөггүй.  Энэ онд Мэс заслын тасагт нэг бойлуур тавьж өгсөн. Халуун усанд холбох шугам сүлжээ бэлэн байгаа ч мөнгө байхгүй учир халуун ус татаагүй. Энэ эмнэлэг 70 сая төгрөгийн өртэй байна. Мөн өвчтөнүүдэд махаар хоол хийх ёстой байтал шар буурцгаар хийж байна. Энэ мэт эмнэлгийн эмч нарын ажиллах нөхцөл хангагдахгүй байна” гэв.

Харин  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ц.Цабшир “Би  25 жил ажиллаж байна. Жирийн эмчээс эхлэн эмнэлгийн дарга хүртэл албан тушаал хашиж байлаа. Дорноговь аймгийн Засаг дарга Ишдорж 1999 онд захирамж гаргаж 213 хүний 65-ыг цомхтгосон. Энэ нь эрүүл мэндийн тусламжид маш их сөрөг дагавар авчирсан. Мэдрэлийн болон Гэмтэл согогийн тасгийг татан буулгасан.  Өнөөдрийн байдлаар Халдвартын тасаг Сүрьеэгийн тасгийн  дунд нэг сувилагч, асрагч  байна. Халдвартай тасагт орж хүний баас шээсийг зөөсөн асрагч сүрьеэгийн тасаг руу орж сүрьеэтэй хүний нус цэрийг зөөж байна. Энэ бол халдвар хамгаалалтын дэглэмийг ноцтой зөрчиж байна. Мөн аймгийн түргэн тусламжийн станцыг хүлээн авахтай нэгтгэсэн. Орон тоо дутагдалтай байгаагийн ард сөрөг нөлөө маш их байна.  Хөдөлмөрийн хууль, эрүүл мэндийн сайдын тушаал бүгд энд зөрчигдөж байна. Бид олон удаа аймаг орон нутгийн салбарт хандсан” гэв.

 Энэ тухай Дорноговь аймгийн ЭМ-ийн ҮЭХ-ны дарга Ж.Хуягбаатараас тодрууллаа.


-Эмнэлгийн орон тоог нэмэгдүүлэхгүй гэсэн шалтгаан нь юу вэ. Мөн танай аймагт эмнэлэгт ажиллах сонирхолтой хүмүүс хэр олон бэ?
-Манай аймагт ЭМШУИС-ийн харьяа салбар бий. Гэвч эмнэлэгт төсөв тооцоо байхгүй учир хүн авдаггүй. Эмнэлэгт ажиллах сонирхолтой олон залуус байдаг. Сүүлийн үед халдварт өвчин ихсэж байна. 20 ортой хүүхдийн тасагт өдөрт 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэхээр ирдэг. Бид үүнийг дотооддоо зохицуулаад л ажиллаж байна. Одоо ачааллаа дийлэхээ  болих нь. Эмнэлгийн 1-2 ажилтан өвдөхөд л  оронд нь гарах хүн олдохгүй байна.

-Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийгдсэн бэ?  
-Тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдаж байна. Хамгийн гол нь компьютер томограф байхгүй. 1977 оны аппарат байсан. Цөмийн энергийн төвөөс шалгалт хийж аппаратаа дахин ашиглахыг хориглосон байна. Одоо рентгенээр хүний цээжийг хардаг. Эмч эмнэлгийн ажилчид гараа угаах халуун ус байхгүй. Зарим нь гэрээсээ ус буцалгагч авчирч ус халаадаг.  

-Шинээр авах ажилтны хэд нь их эмч, хэд нь асрагч, сувилагч байх шаардлагатай вэ?
-Дунд мэргэжилтэн их хэрэгтэй байна. Үйлчлэгч, сувилагч нар л хэрэгтэй. 10 хувь нь их эмчийн орон тоо байна.

Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://local.time.mn/content/12258.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...