Эхлэл - Орон нутаг - Сум, баг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 28

Баян-Өлгийн зарим байгууллагаас зөрчил илэрчээ

Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас хяналт шалгалтын 4, эрүүл мэндийн даатгалын 3 байцаагч эмч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шалгалт хийлээ.

Тэд аймгийн НДХ, Нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгүүд, “Эмимпекс” болон бусад хувийн эмийн сан, зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийсэн байна. Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Тэгвэл тус аймгийн эрүүл мэндийн байгууллагад хийсэн шалгалтаар доорх ноцтой зөрчлүүд илэрчээ.
 
-    Аймгийн нэгдсэн эмнэлэгийн хувьд хэвтэн эмчлүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын оношийн хамааралтай бүлгийг өндөр өртөгтэй мэс заслын оношийн бүлгээр, төр хариуцах тусламж үйлчилгээ болон амбулаторийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо шинжилгээг батлагдсан тарифаас илүү эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилдэг байна. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сараас даатгуулагчийн ор хоногийн төлбөрийг 15 хувиар тооцож илүү авч, даатгуулагчдыг хохироосон байна. 

-    Цэнгэл сумын нутагт байдаг “Аксу” сувилал нь сувиллын илгээх бичгийг өөрсдөө бичиж олгодог. Эмчийн болон байгууллагын даргын гарын үсэг, тамга тэмдэггүй, илгээх бичигт өвчний үндсэн онош, бодит үзлэг өвчний клиник шинж, хийгдсэн эмчилгээ, шинжилгээ, хүндрэл, дагалдах өвчнийг дутуу бичдэг. Сувиллын ор хоногийн төлбөрийг баталсан тушаал тодорхойгүй байдаг аж.

-    “Байбулган”, “Эмимпекс” эмийн сан Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн тогтоолоор баталсан эмийн үнийн дээд хязгаарыг 2012 онд амлоденк, кларем, пикоеит, урсофальк зэрэг эмүүдэд 1000-10400 төгрөгөөр хэтрүүлэн олгож, даатгуулагчдаас илүү мөнгө авч, даатгуулагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.

Ингээд НДЕГ-ын шалгалтын комиссоос аймгийн нэгдсэн эмнэлэг, “Фатиха” хувийн эмнэлэг, “Ахсу” сувилалд ажил сайжруулах талаар хугацаатай үүрэг өгч, мөн “Байбулган”, “Эмимпекс” эмийн сангийн эрүүл мэндийн даатгалын гэрээг стандартын шаардлага хангах хүртэл хугацаанд түр түдгэлзүүлж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.

Нэгдсэн эмнэлэг, “Фатиха” хувийн эмнэлэг “Ахсу” сувилал, “Сансар” эмнэлэг, “Байбулган”, “Эмимпекс” эмийн сангуудад эмийн үнийн дээд хязгаарыг хэтрүүлэн олгосон болон оношийн бүлгийн зөрүүгээр 1523 иргэнтэй холбоотой 20.4 сая төгрөгийн зөрчил илэрсэнд улсын байцаагчийн 11, 12, 13, 14. 15  16 тоот акт тогтоожээ.

Т.Жанерке

Мэдээний линк: http://local.time.mn/content/28219.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...